“Суралцахгүй бол мэргэн ухаантан ч тэнэг болно, сурч чадвал тэнэг ч ухаантан болно... суралцахад хязгаар үгүй”
Күнз
Манай орны байгууллагуудын хувьд байгууллагыг хөгжилд хүргэхүйц гол түлхүүр болсон сургалт, суралцах үйл явцыг сайжруулахын тулд үр нөлөө бүхий удирдлагын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, цаашилбал байгууллагаа “суралцагч байгууллага” болгон төлөвшүүлэх хэрэгцээ их байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ.
Суралцана гэдэг нь туршлага, үйл ажиллагаа, сургалтын шууд болон шууд бус үр нөлөөгөөр зан үйл, хандлагад гарч буй аливаа өөрчлөлт юм.
Суралцах үйл нь төлөвлөгөө, бүтэц бүхий албан ба албан бус аль аль хэлбэрээр өрнөх үйл явц юм. Суралцана гэдэг нь хөгжих тэр тусмаа эерэг хэлбэрээр хөгжих тухай ойлголт юм.
Суралцах үйл явц гэдэг нь өөр өөр үе шат бүхий үйл ажиллагаа бөгөөд хувь хүн, байгууллага нэг шатнаас нөгөө шатанд хүрч өөрчлөгдөх үйл ажиллагаа юм. Энэхүү үйл явцыг мэдлэг чадвараа хөгжүүлэх шат маягаар дүрсэлж болох юм.
Суралцахад хэрэгцээтэй хэд хэдэн чухал зүйлс байдаг бөгөөд тэдгээрийн чухлаас нь дурьдвал:
• Суралцах гэж буй хүн хүсэл эрмэлзэлтэй, урам зоригтой байх ёстой
• Хүн бүрийн суралцах арга барилын онцлогийг харгалзан үзэх
• Мэдлэг, ур чадвар, хандлагыг үр ашигтай өөрчлөхийн тулд суралцагч хүнд цаг, дэмжлэг хэрэгтэй
• Суралцагч хүнд сурсан зүйлээ давтах боломж олгох
Түүнчлэн суралцах үйлийг үр дүнтэйгээр өрнүүлэхэд нээлттэй байдал болон мотиваци чухал үүрэг гүйцэтгэдэг.
Суралцах мотиваци нь гол төлөв би сурч чадна хэмээх өөрийн итгэл, мэдрэмж, нөгөө талаас үүнд суралцах нь ажилд минь тустай гэсэн утга бүхий суралцах боломжийн хамаарлаас шалтгаална.
Байгууллага бол өөр өөр үзэл хандлага бүхий хүмүүсийн нэгдэл бөгөөд эдгээр бүлэг дотор суралцахаас татгалздаг хүмүүс байх нь цөөнгүй. Ийм бэрхшээл тулгарсан үед гарах зөв гарц бол тэдний хандлагыг өөрчлөх явдал юм. Үүний тулд:
Мэдээлэл солилцох
Урам хайрлах
Суралцах дургүй хүнийг суралцах дур сонирхол ихтэй хүмүүст даатган өгөх
Тэвчээртэй байх
У.Өсөхбаатар
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment