Tuesday, December 21, 2010

Эссе

Өнөө үед мэдлэг оюуны үнэ цэнэ үлэмж нэмэгдэж эдийн засгийн нөөц үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэх болж, түүнд тулгуурласан инновацийн эдийн засаг бүрэлдэн тогтох үйл явц эрчимтэй өрнөж буй. Энэ нь улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага инновацитай салшгүй холбоотой байх нөхцлийг бий болгож байгаа юм. Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч бөгөөд үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж, улмаар эдийн засгийн дэвшилд хүргэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбоотойгоор аливаа улс орны хөгжлийн түвшин инновацийн идэвхжилээр тодорхойлогдоно хэмээн үзэх боллоо. Тиймээс ч олон улс орон өөрийн онцлогт тохирсон төрийн инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсанаар ихээхэн амжилтад хүрч байна. Монгол Улсын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэлийн төдий байгаа. Харин 2008 онд Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2008-2015)-ийг Засгийн газраас баталсаныг онцлох ёстой. Улс орныхоо хөгжлийн хоцрогдлыг богино хугацаанд арилгах үндсэн арга замын нэг нь инновацид түшиглэсэн хөгжлийн баримжааг сонгох асуудал бөгөөд энэхүү хөгжилд хүргэх гол түлхүүр нь Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх явдал юм. Эл тогтолцоог шуурхай боловсруулан хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт чухал ач холбогдолтой. Цаашид нийгэм, эдийн засгийн бүх хүрээнд инновацийн хандлага улам бүр онцгой үүрэг гүйцэтгэж, мэдлэгт суурилсан эдийн засаг гол капитал байх төлөвтэй. Үндэсний аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, боловсролын болон төрийн үйл ажиллагаанд инновацийн соёл, үйл ажиллагааг нэвтрүүлэн хөгжүүлэхийг бүхий л хэлбэрээр дэмжих замаар тэдгээрийн хооронд үр ашигтай, нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмыг манай төр засгаас баримтлаж байгаа. Монгол Улсын Үндэсний инновацийн тогтолцоо нь нийгмийн хэсэг, нэгжүүдийн эдийн засгийн үр өгөөжтэй мэдлэгийг бүтээх, түгээх, баяжуулах, ашиглах үйл ажиллагааг дэмжих систем юм. Эцэст нь онцлоход инновацийн тухай нэгдмэл ойлголт байхгүй ч ерөнхийд нь түүнийг “Нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд аливаа шинэ, үр ашигтай зүйлийг нэвтрүүлэн ашиглахад чиглэсэн бүтээлч үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн үр дүн” хэмээн тодорхойлж болно.

Ш.Баяраа

No comments:

Post a Comment