Оршил
Өнөөгийн эдийн засгийн шинж төлөвийг мэдлэгт суурилсан, мэдлэг, ур чадвар, мэдээллийн хурдын өрсөлдөөн давамгайлсан эдийн засаг гэж тодорхойлж болно.
Иймээс мэдлэгийн хүч, бүтээх чадвар бол эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь болж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг бол мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлсэн эдийн засаг юм. Үүнийг буй болгох, төлөвшүүлэх үндсэн арга зам бол үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх явдал билээ. Өөрөөр хэлбэл мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг бол инновацийг хөгжүүлсэн эдийн засаг юм.
Үндсэн хэсэг
Миний бодлоор инноваци гэдэг нь шинэ зүйлд хөрөнгө оруулах “investment in novation” гэсэн утгатай үг юм. Иймээс зах зээлийн өнөөгийн нөхцөлд инноваци ба хөрөнгө оруулалт гэсэн ойлголтууд нь өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой. Новаци буюу өөрчлөлт, шинэчлэлт гэж өмнө нь байгаагүй шинэ зүйлийг хэлдэг байна. Тиймээс энэхүү шинэ бүтээл, технологийг зах зээлийн эргэлтэнд оруулах тухай асуудал бол инновацийн үндсэн агуулга болно.
БСШУЯ – аас 2006 онд боловсруулан гаргасан Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн үнэлгээ гэсэн баримт бичигт инновацийг “Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг инноваци гэнэ” гэж тодорхойлсон байна.
1990 оноос өмнө манай улсад суурь болон технологийн судалгааны салбарт, тухайлбал эх орны түүхий эд материалыг боловсруулах арга технологийг гаргаж авах, сайжруулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж, эрдэм шинжилгээ, судалгааны баазыг байгуулах, өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талаар багагүй амжилт олсон.
Харин 1990 оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин томоохон үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчилан шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудад үзүүлэх улсын дэмжлэг туслалцааг бууруулснаар өндөр мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ болон судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээ шаардлага багассан байна. Өөрөөр хэлбэл манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээс хойш хэсэг хугацаанд шинжлэх ухаан техник, технологийн судалгаа шинжилгээний ажил зогсонги байдалд орсон гэж хэлж болохоор юм.
Шилжилтийн он жилүүдэд инновацийн үйл ажиллагаа нь үндсэндээ үйлдвэрлэл эрхлэгчийн ухамсар дээр тогтож байсан бөгөөд бизнес эрхлэгчид анхдагч капиталыг бүрдүүлэх, капиталын хуримтлалыг буй болгохыг илүүтэй сонирхож байсантай холбоотойгоор инновацийн үйл ажиллагаанд зориулах хөрөнгө оруулалт хангалтгүй байсан гэж дүгнэж болно.
Гэвч сүүлийн жилүүдэд манай бизнесийн байгууллагууд санхүүгийн хувьд бэхжиж, орчин үеийн тэргүүний техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээг явуулах талаар идэвхи санаачлага гаргах болсныг тэмдэглэх нь зүйтэй. Төр засгаас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг адил тэгш дэмжих, шинжлэх ухаан техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, аж үйлдвэрийн парк байгуулах зэргээр тодорхой арга хэмжээ авч байгаа хэдий ч санхүү, эдийн засгийн хямралт байдлын улмаас шинжлэх ухаан, технологийн санхүүжилтэнд зарцуулах хөрөнгийг танах бодлого барьж байгаа нь сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг анхаарах нь зүйтэй.
Дүгнэлт
Бид юуны түрүүнд инновацийн үйл ажиллагаан дахь бэрхшээлүүдийг тодорхойлох, инновацийн талаарх төр засгийн дэмжлэг, үүрэг функц, механизмыг тодорхой болгох, инновацийн төсөл ба эрдэм шинжилгээ – судалгааны хэрэгцээ, тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг судлах, улсын захиалгаар гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний төслүүдийг үйлдвэрлэлд шууд нэвтрүүлэх, шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, төслийг бодитойгоор үнэлэх, микро түвшинд инновацийн технологийг үр ашигтай нэвтрүүлэхэд чиглэсэн үзүүлэлтүүдийг зөвлөх, инновацийн үйл ажиллагааны төрийн удирдлага ба зохицуулалтын талаарх гадаадын туршлага зэргийг судлах шаардлагатай байна.
Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн болон байгалийн баялагын олборлолт бүхий уул уурхайн салбарын үйлдвэрлэл зонхилж байна. Иймээс манай улсын хувьд дэлхийн зах зээлд гарахад технологийн дэвшил, тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх явдал маш чухал, өөрөөр хэлбэл инновацийг нэвтрүүлж өндөр түвшний технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд чадварлаг ажиллах хүчний нөөц хэрэгтэй юм.
Б.Цэрэн-Очир
Subscribe to:
Post Comments (Atom)
ийм дэмий юм яах гэж бичдэг байнаа, юм юм л хэрэгтэй яагаад заавал хэрэгтэй гэдийг баталгаатай үндэслэлтэй тайлбарлах хэрэгтэйшд. инноваци гэдэг үгийн утгыг хаанаас ч хайгаад олношд.
ReplyDeleteзөв ярихдаа гол нь биш хийх нь чухал
ReplyDelete