Thursday, December 16, 2010

АМЖИЛТТАЙ ИННОВАЦИЙН ҮНДЭС УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙГ УДИРДАХ

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хирээр “орчиндоо зохицох чадвар” хэмээх ойлголт ирээдүйн зүг чигийг тодорхойлох болоод байна. Хэрвээ ийм чадвар үгүй бол хувь хүн, албан байгууллага, улс орон ч мөхөх аюултай болжээ.

Бизнесийн байгууллага зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд урт удаан хугацаанд явуулж ирсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа бодлогыг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй. Энэ нь илүү цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, шинэлэг бодлого төлөвлөлт гаргана гэсэн үг юм.
Менежментийн багийн гишүүд, удирдлагын хувьд аливаа өөрчлөлтөнд үргэлж бэлэн байдаггүй. Ялангуяа урт удаан хугацаанд үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн “хашир бурхи” -нуудад зах зээлийн энэхүү өөрчлөлтийг мэдрүүлнэ гэдэг санаачлагчаас маш их ур чадвар, мөн үүрэг хариуцлагыг шаардана. Миний бодлоор, инновацийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлж, зорьсон үр дүнгээ бий болгохын тулд удирдлагын сэтгэл зүйг маш зөв чиглүүлж, тодорхой зарчмуудыг мөрдөх хэрэгтэй. Үүнд:
1. Хэлсэндээ хүрдэг байх. Том алхам хийхээс өмнө ямар нэг үүрэг даалгавар, санал санаачлагыг гарган хэрэгжүүлж чадсан, менежментийн багийн итгэлийг олсон, тэдний найдвартай түнш байх. Удирдлагын итгэл гэдэг бол юугаар ч солишгүй үнэт зүйл.
2. Долоо хэмжиж нэг огтол. Өөрчлөлтийн үед тулгарах саад бэрхшээл, ололт амжилт бүрийг таамаглан, тухайн агшин бүрт гаргах шийдлүүдийг боловсруулж, энэ бүхнээ менежментийн багт танилцуулсан байх.
3. Багийн ажиллагаа. Менежментийн багийн гишүүдийг инновацийн үйл ажиллагааны багт заавал багтаасан байх.
4. Энэхүү инновацийг өрсөлдөгч байгууллага хийснээрээ ямар давуу талыг бий болгох болон тэдний үүсэж болох давуу талууд нь бидний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болох талаар маш тодорхой таамаглал гаргах. Энэхүү бүлгийг өрсөлдөгчийн өнөөдрийн түвшний үйл ажиллагааны судалгаа хэмээн ойлгож болох юм.
Энэ бүгдээс дүгнэж үзэхэд удирдлагын сэтгэл зүй инновацид бүрэн итгэлтэй, түүнийг дэмжиж байх нь үр дүнд шууд нөлөөтэй юм. Тиймээс инновцийн үед хийх хамгийн том суурь алхам бол менежментийн багийг итгэлтэй байлгах явдал юм. Үүний зэрэгцээ тэдний итгэлийг бусдаас илүү дааж чадах хүнээр инновацийг удирдуулах нь амжилттай инновацийн үндсэн хүчин зүйл болж байна.

Х.ТОГТОХБАЯР

No comments:

Post a Comment