Tuesday, December 21, 2010

21-р зуун-мэдлэгийн зуун

Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжилд мэдлэгийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болж байна. Тиймээс олон улс орон өөрийн онцлогт тохирсон төрийн инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсанаар ихээхэн амжилтад хүрч байна.
Манай хөрш 2 орон маань мэдлэгт суурилсан эдийн засгийн тогтолцоог бий болгох, инновацийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Жишээ нь: БНХАУ "Мэдлэгт суурилсан нийгэм" байгуулах үзэл санаан дор 2020 он хүртэл ирэх 10 жилд БНХАУ-ын шинжлэх ухаан-техникийн хөгжлийн зорилгыг инновацийн шинжтэй улс байгуулах явдал гэж тодорхойлжээ. Ингэснээр орчин үеийн технологид, ялангуяа, хими, компьютер, харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах боллоо. Хятад Улс 35 хүртэлх насны залуу эрдэмтдээр хүчээ сэлбэхээр залуучуудаа гадаадад суралцуулж байна. Энэ чиглэлээр 6000 залуу эрдэмтэн бэлтгэхээр төлөвлөжээ.Хятадад шинэ бүтээлд олгодог патент бүртгэлийн тоо үлэмж өссөн бөгөөд 2012 онд одоо дэлхийд тэргүүлж буй Японыг гүйцэж түрүүлнэ гэсэн тооцоог Thomson Reuters Scientific судалгааны байгууллагаас гаргасан байна. Орос улс үндэсний инновацийн тогтолцоог бий болгох зорилтыг тус орны хөгжлийн стратеги зорилт, түүний дотор шинжлэх ухаан-технологийн хүрээний стратеги болгон 1997 оноос төрийн бодлогын түвшинд тунхагласан. Инновацийн тогтолцооны бие даасан элементүүд болох улсын сан, технопарк, инноваци-технологийн төв, инновацийн төслийн санхүүжилтийн сан зэргийг бий болгожээ.
Харин манай улс 2008 онд Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2008-2015)-ийг Засгийн газраас баталсан. Уг хөтөлбөр нь инновацийн тогтолцоог бүрдүүлэх , дэвшилтэт техннологийг хөгжүүлэх, төрийн өмчийн их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих , заруу судлаачдыг бэлтгэх , дэмжих гэсэн 4 дэд хөтөлбөрөөс бүрдэж байгаа бөгөөд дэд хөтөлбөр бүрээр зорилго зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагаа хүрэх үр дүнг тодорхойлсон. Гэвч манай улсад үндэсний инновацийн оновчтой тогтолцоо, механизм хараахан бүрдээгүй,инновацийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн хангалтгүй,хувийн хэвшлийн инновацийн потенциал, идэвхжил сул, сонирхол бага,шинжлэх ухаан- боловсрол- бизнесийн үйл ажиллагааны уялдаа холбоо сул, хамтын ажиллагаа хангалтгүй, инновацийн санхүүжилтын эх үүсвэр, хөрөнгө дутмаг зэргээс уг хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна.


Т.Тэгшжаргал

No comments:

Post a Comment