Thursday, December 23, 2010

Хэрэглэгчийн зан төлөв

Зан төлөв - энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ. Грек хэлнээс орчуулахад " зан төлөв " гэдэг нь онцлог шинж гэсэн утгыг илэрхийлнэ.

Сэтгэц зүйн үзэгдлийн онцлогууд нь байнга үүсч, тухайн хүний биеэ авч явах хэлбэрийг тодорхойлж байх нөхцөлд л зан төлөвийн онцлог болно. Гурван шаардлагад /тодорхой илэрхийлэх, нягт уялдаа холбоотой байх, үйл ажиллагааны бүхий л хэлбэрт тусгалаа олох/ нийцсэн тохиолдолд л хувь хүний онцлог шинжээс зан төлөвийн бүхий л онцлогууд бий болох боломжтой.

Хүний зан ТӨЛӨВТ дараах онцлогууд байдаг. Үүнд:
- ёс суртахууны: - хамт олонч, бие даасан, үнэнч, даруу төлөв-
- сэтгэл хөдлөлийн: - авхаалжтай, зөөлөн сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй-
- оюун ухааны: - аргатай /овтой/, итгүүлэх чадвартай гэх мэт.

Зан төлөв нь онцлог шинжүүдийн зүгээр нэг нийлбэр цогц биш юм. Тухайн хүн дараах зүйлүүдэд хэрхэн хандаж байгаа нь чухал. Үүнд:
- Хамт олон болон хувь хүмүүст хандах хандлага /нийтэч, үнэнч, даруу/,
- Хөдөлмөрт хандах хандлага /сайн дурын, хөдөлмөрч, ажилч хичээнгүй/,
- Эд-зүйлст хандах хандлага /арвич хямгач, цэвэрч нямбай /
- Өөрөө өөртөө хандах байдал /өөртөө шүүмжлэлтэй хандах, бардам зантай, биеэ тоох, нэрэлхүү зантай/

Ирээдүйн өндөр боловсрол эзэмшсэн үйлчилгээний ажилтны хувьд идэвхтэй, бие даасан, сахилга баттай байх гэсэн онцлог шинжүүд чухал ач холбогдолтой боловч хувь хүний аливаад хандаж буй хандлага нь ямар байна вэ гэдгийг судалж ажилд авах нь чухал юм.

Хандлага маань өөрөө идэвх санаачлага, ажил хэрэгч, шаламгай, хөдөлгөөнтэй байдлаар илэрнэ. Бүх зүйлд идэвхтэй ханддаг хэдий ч эхэлсэн бүхнийг дуусгахгүй орхидог тохиолдолд энэхүү "идэвхтэй байдал" нь зорилгогүй байдал болон хувирна.
Бие даасан байдал нь бусдын туслалцаагүйгээр ажиллах чадвар юм. Бие даасан байдал нь сахилга баттай зайлшгүй холбогдох ёстой. Сахилга баттай байдлын чухал үзүүлэлт нь өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бүрэн дүүрэн биелүүлэх байдал мөн. Хүний зан төлөвийн, ялангуяа ухамсрын онцлог шинжүүдийг бий болгоход хамт олон чухал үүрэг гүйцэтгэдэг.
Зан төлвийн дутагдалтай талууд /хуурамч, залхуу, сахилга бат муутай/, тэдгээрийн бий болох шалтгаан, зайлсхийх, багасгах арга замууд нь гол анхаарлыг татаж байна. Зан төлөвийн сөрөг /дутагдалтай/ онцлог шинжүүдийг үндсээр нь арилгах, эерэг шинжүүдийг бий болгох явдалд өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх хүмүүжил /хандлага бий болгох/ туслах болно.
Мэргэжил бүхэн хүнээс тодорхой зан төлөвийн онцлог шинжүүдийг шаарддаг. Үйлчилгээний ажилтны хувьд тэвчээртэй байх, уриалгахан байх зэрэг мэргэжлийн зан төлвийн онцлог шинжээс зайлсхийх аргагүй. Үйлчилгээний ажилтан бvр хэрэглэгчийн бараа, үйлчилгээ худалдан авах шийдвэр гаргахад нөлөөлдөг худалдан авагчийн янз бүрийн хэрэгцээг мэдэх ёстой. Захиалга өгч, бараа худалдан авах явцдаа хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээг хангахыг эрмэлздэг. Ихэнх хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээний талаар тодорхой хэлбэрээр яриа өрнүүлдэггүй. Үүний оронд тоон утгаар илэрхийлэгдэж болох үнэ, хугацаа, чанар, тоо хэмжээ зэрэг хүчин зүйлүүдийн талаар ярьдаг.
Иймээс үйлчилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар нь хэрэглэгчийн далд байгаа хэрэгцээг тодорхойлох, тооцох чадвараар илэрхийлэгдэнэ. Үйлчилгээний ажилтан нь нарийн мэргэжлийн, чадварлаг сэтгэл судлаач төдийгүй хэрэглэгчийн нүүрний хөдөлгөөн /мимик/, дохио зангаа /body language/ нь түүний хэлж буй үгнээс өөр утга илэрхийлж болдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэглэгчийн ил болон далд байгаа хэрэгцээг тодруулж чадсан тохиолдолд л үйлчилгээний ажилтан амжилттай үйлчлэх бололцоотой болно.

Өнөөгийн нөхцөлд үйлчилгээний зах зээл нь худалдагчийн зах зээлээс хэрэглэгчийн зах зээл болон өөрчлөгдсөний дагуу үйлчилгээний байгууллагын өмнөө тавьсан зорилтууд ч мөн өөрчлөгдсөн. Үүнээс үүдэн дараах дүгнэлтэд хүрч байна.
Үйлчилгээний соёл нь үйлчилгээний ажилтны хэрэглэгчтэй харилцах явцад тэдгээрийн хооронд итгэлцсэн уур амьсгал бүрдүүлэхээс ихээхэн шалтгаална. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний ажилтны ажилдаа хандах хандлага, хэрэглэгчид хандах хандлагаар үйлчилгээний байгууллагын амжилт шалтгаална гэсэн санааг энэ эссэ-гээр илэрхийлэхийг оролдлоо.

Д.Мөнхтүвшин

Инноваци ба байгууллагын соёл

Байгууллагын соёл нь олж авсан буюу дамжуулах тэмдэгт, соёлын эх сурвалж нь уламжилсан санал, ялангуяа пүүсийн үнэ цэнэ, ажлын үр дүн, цаашдын үйл ажиллагааны урьдчилсан нөхцөл юм. Миний бодлоор байгууллагад амжилттай инноваци нэвтрүүлэхийн тулд тухайн байгууллагын суурь соёлыг хөгжүүлэх, байгууллагын үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй гэж үздэг. Байгууллагын соёл нь дараан 3 хүчин зүйлсээс тогтдог байна. Үүнд:
• Залгамж чанар
• Үнэ цэнэ
• Урьдчилсан нөхцөл
Соёл нь хүн төрөлхтөний оршин тогтнох хугацаанд бүтээсэн үнэт зүйлсийн нийлбэр цогц юм.
• Чиг үүрэг дэх үнэт зүйлс
• Бүтэц зохион байгуулалт дах үнэт зүйлс
• Арга барил дах үнэт зүйлс
Соёлын ангилал:
• Хувь хүн
• Бүлэг
• Байгууллага
• Үндэсний соёл гэж ангилагдана.
Тухайн байгууллагын бусдаас ялгарах онцлог, байгууллагын бүх гишүүд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дагаж мөрдөж, эрхэмлэдэг үнэт зүйлсийн нийлбэр цогцыг байгууллагын соёл гэж тодорхойлж болно.
Бизнес гэдэг бол хүнээр дамжиж, хүний бий болгодог баялагийн тухай асуудал гэж боддог. Бизнесийн бүхий л түвшинд хүний тухай яригддаг. Бизнесийн амжилттай авч явах эсэх нь хүнээрээ хэрхэн зөв удирдах, менежмент хийх чадахаас хамаардаг байх.
Монголын бизнест өнөөдөр, яг одоо Coca cola, Procter and Gamble, Uniliver зэрэг дэлхийн акулуудтай өрсөлдөх агуу компани байгаа гэж хэлж чадахгүй нь.
Гэхдээ инноваци хийхэд үндэс суурь нь болдог байгууллагын соёлыг төлөшүүлэхийн төлөө компаниуд олон байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

H.Эрдэнэ-Очир

Технологийн нэвчил

Эдийн засгийн ойлголтын үүднээс хандвал нэвчих гэдэг нь ямар нэг төрлийн бүтээгдэхүүн эсвэл технологиос олсон үр ашиг буюу бусад төрлийн үр дүн өөрөөсөө халин бусад хүрээгээр өргөн түгэн дэлгэрэхийг илэрхийлнэ. Гэтэл эдгээр үр ашиг нь тухайн технолгийг өмчлөгчидөд өөрт нь хүрч очдоггүй .
Үүнийг жимсний нэгэн аж ахуйн хажууд байгаа зөгийн аж ахуйтайгаа зүйрлэж болно. Тухайлбал жимсний аж ахуй нь зөгийн аж ахуйтай өрсөлдөж бал авдаг зөгийчний орлогод сөргөөр нөлөөлөхгүй атал зөгий болхоор тоосонцрыг тараадаг тул харин ч жимсний ургац нэмэгдэхэд нөлөөлдөгтэй адил.
Технологийн нэвчих чанар дотороос судалгаа ба хөгжил (R&D ) –ийн үр ашгийн нэвчих чанар нь хамгийн чухал юм. Аливаа шинэ нээлт гаргаж , (R&D)-ийн ажил хийж байгаа хувь хүн буюу компаниуд , тэдний нээлт бүтээл эцсийн дүндээ ямар үр дүнтэй болохыг таамаглаж чаддаггүй.Яагаад гэвэл маш олон шинэ нээлт гарахыг дагалдаад түүнээс олон урьд өмнө нь байгаагүй хэрэгцээг үүсгэдэг . үүний нэг тод жишээ гэвэл эрт дээр үед галыг нээсэн хэрэглэсэн явдал юм. Анх гал нээгч түүнийг зөвхөн нэг чанар буюу дулаан гаргах чадварыг анхлан мэдэрч ашигласан бол хоол ундаа хийх хэрэгцээг сүүлд нь мэдэрсэн шүү дээ. Тэр үед хүн гал нь механикийн буюу машиныг хөдөлгөх хүч чадвартайг төсөөлж чадаагүй бөгөөд үүнийг хожим хойно өөр нээлт бүтээлийн дүнд илрүүлсэн жишээ байна. Үнэндээ бүх төрлийн (R&D)-ийн ажилд ийм хандлагийн ажиглаж болно. Тухайлбал , шинэ нээлтүүд нь төрөл бүрийн бизнессийн байгууллагуудад хэрэглэгддэг нь түүний үр ашиг тухайн судалгаа явуулж нээлт бүтээл гаргасан байгууллагаас халин тархадаг болохыг харууллаа.
Иймд судалгаа шинжилгээ хийж байгаа байгууллага буюу хувь хүн бүр түүний эдийн засгийн үр ашигийг бүхэлд нь эзэмшиж чаддаггүй . үүнийг жишээнээс харвал :1920-иод оны үед тефлоныг эхлээд зөвхөн Америкийн сансарын хөтөлбөрт хэрэглэж байсан бол сүүлдээ жирийн гал тогооны хэрэгслийн үйлдвэрт хэрэглэх болж бусад үйлдвэрүүдэд мөн ашигласан бөгөөд энэ нь маш их ашиг авчирсан .
Өнөө үеийн жишээ гэвэл , чипийг анх нээгч эсвэл apple компьютерыг бүтээсэн Steve Jobs , майкрософтын Bill Gates-ийн аль нь ч тэргүүлэх чиглэлийн судалгаа ба хөгжилийн эдийн засгийн үр ашигийг бүгдийг нь дангаараа эзэмших боломжгүй болсныг ойлгосон. Хэдийгээр Bill Gates-ийн нээлт энэ том зорилгод хамгийн ойр байсан боловч дээрх хандлагын даван гарч чадаагүй гэж үзсэн. Технологийн үр ашиг нэвчих чанарын цар хүрээ, хүч чадал, түүнээс үүссэн үр ашгийг дараах хүснэгтэнд тайлбарлахыг зорив.


С. Пагам-Орлом

Tuesday, December 21, 2010

Монгол улс ба инновацийн өнөөгийн байдал

Оршил
Өнөөгийн эдийн засгийн шинж төлөвийг мэдлэгт суурилсан, мэдлэг, ур чадвар, мэдээллийн хурдын өрсөлдөөн давамгайлсан эдийн засаг гэж тодорхойлж болно.
Иймээс мэдлэгийн хүч, бүтээх чадвар бол эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь болж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг бол мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлсэн эдийн засаг юм. Үүнийг буй болгох, төлөвшүүлэх үндсэн арга зам бол үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх явдал билээ. Өөрөөр хэлбэл мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг бол инновацийг хөгжүүлсэн эдийн засаг юм.

Үндсэн хэсэг
Миний бодлоор инноваци гэдэг нь шинэ зүйлд хөрөнгө оруулах “investment in novation” гэсэн утгатай үг юм. Иймээс зах зээлийн өнөөгийн нөхцөлд инноваци ба хөрөнгө оруулалт гэсэн ойлголтууд нь өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой. Новаци буюу өөрчлөлт, шинэчлэлт гэж өмнө нь байгаагүй шинэ зүйлийг хэлдэг байна. Тиймээс энэхүү шинэ бүтээл, технологийг зах зээлийн эргэлтэнд оруулах тухай асуудал бол инновацийн үндсэн агуулга болно.
БСШУЯ – аас 2006 онд боловсруулан гаргасан Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн үнэлгээ гэсэн баримт бичигт инновацийг “Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг инноваци гэнэ” гэж тодорхойлсон байна.
1990 оноос өмнө манай улсад суурь болон технологийн судалгааны салбарт, тухайлбал эх орны түүхий эд материалыг боловсруулах арга технологийг гаргаж авах, сайжруулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж, эрдэм шинжилгээ, судалгааны баазыг байгуулах, өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талаар багагүй амжилт олсон.
Харин 1990 оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин томоохон үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчилан шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудад үзүүлэх улсын дэмжлэг туслалцааг бууруулснаар өндөр мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ болон судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээ шаардлага багассан байна. Өөрөөр хэлбэл манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээс хойш хэсэг хугацаанд шинжлэх ухаан техник, технологийн судалгаа шинжилгээний ажил зогсонги байдалд орсон гэж хэлж болохоор юм.
Шилжилтийн он жилүүдэд инновацийн үйл ажиллагаа нь үндсэндээ үйлдвэрлэл эрхлэгчийн ухамсар дээр тогтож байсан бөгөөд бизнес эрхлэгчид анхдагч капиталыг бүрдүүлэх, капиталын хуримтлалыг буй болгохыг илүүтэй сонирхож байсантай холбоотойгоор инновацийн үйл ажиллагаанд зориулах хөрөнгө оруулалт хангалтгүй байсан гэж дүгнэж болно.
Гэвч сүүлийн жилүүдэд манай бизнесийн байгууллагууд санхүүгийн хувьд бэхжиж, орчин үеийн тэргүүний техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээг явуулах талаар идэвхи санаачлага гаргах болсныг тэмдэглэх нь зүйтэй. Төр засгаас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг адил тэгш дэмжих, шинжлэх ухаан техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, аж үйлдвэрийн парк байгуулах зэргээр тодорхой арга хэмжээ авч байгаа хэдий ч санхүү, эдийн засгийн хямралт байдлын улмаас шинжлэх ухаан, технологийн санхүүжилтэнд зарцуулах хөрөнгийг танах бодлого барьж байгаа нь сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг анхаарах нь зүйтэй.

Дүгнэлт
Бид юуны түрүүнд инновацийн үйл ажиллагаан дахь бэрхшээлүүдийг тодорхойлох, инновацийн талаарх төр засгийн дэмжлэг, үүрэг функц, механизмыг тодорхой болгох, инновацийн төсөл ба эрдэм шинжилгээ – судалгааны хэрэгцээ, тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг судлах, улсын захиалгаар гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний төслүүдийг үйлдвэрлэлд шууд нэвтрүүлэх, шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, төслийг бодитойгоор үнэлэх, микро түвшинд инновацийн технологийг үр ашигтай нэвтрүүлэхэд чиглэсэн үзүүлэлтүүдийг зөвлөх, инновацийн үйл ажиллагааны төрийн удирдлага ба зохицуулалтын талаарх гадаадын туршлага зэргийг судлах шаардлагатай байна.
Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн болон байгалийн баялагын олборлолт бүхий уул уурхайн салбарын үйлдвэрлэл зонхилж байна. Иймээс манай улсын хувьд дэлхийн зах зээлд гарахад технологийн дэвшил, тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх явдал маш чухал, өөрөөр хэлбэл инновацийг нэвтрүүлж өндөр түвшний технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд чадварлаг ажиллах хүчний нөөц хэрэгтэй юм.


Б.Цэрэн-Очир

Мэдлэгт тулгуурласан эдийн засаг

Инновацийн тухай ойлголтыг хүн бүрд хүргэж, үндэстний хэмжээнд хөгжүүлэх нь мэдлэгт тулгуурласан эдийн засгийн эрин цагийн шаардлага болж байна.
Жижиг, буурай улс орнууд тухайн үеийн хүний болон материаллаг нөөц, газар зүйн байршил зэргээс шалтгаалан аж үйлдвэрийн хөгжлийн үр шимийг хүртэж чадалгүй үлдэж, хоцрогдсон өнцөг булан гэгддэг байсан бол эдгээр орнууд эдийн засгаа мэдлэгт тулгуурлан хөгжүүлж чадвал богино хугацаанд тэргүүлэх орны хэмжээнд хүрч болох эрин үе эхлээд байна.
Манай мэтийн далайд гарцгүй, олон улсын худалдааны төвүүдээс алслагдсан, жижиг буурай орон гадаадын хөрөнгө оруулалтыг татаж өнгөт, үнэт металл, газрын тос, чанарлаг нүүрсний ордуудыг аж ахуйн эргэлтэнд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээш татаж болно. Оюуны хөдөлмөр жинхэнэ чөлөөт хөдөлмөр. Иймээс оюуны хөдөлмөр эрхлэгчид өөрөө, өөрийнхөө менежер байдаг онцлогтой.
Мэдлэгийг удирдах технологи нийтлэг чанартай. Тэр нь том, жижиг, дунд хэмжээний улс орон, түүнчлэн ямар ч хэлбэр хэмжээний аж ахуйн нэгжийн хувьд адил хэрэглэгдэнэ.
Мэдлэгийн эдийн засгийг хэн эн түрүүнд эзэмших ёстой вэ гэдэг асуудлаар эрдэмтэд нэгдмэл саналтай болж чадаагүй байна. Энэ талаар гурван янзын санал бий. Нэг нь дээд удирдлагын түвшний хүмүүс л мэдлэгийн нийгэм, ялангуяа мэдлэгийн эдийн засгийн талаар шаардлага хангасан мэдлэгтэй байх нь л чухалНөгөө дэхь нь дунд түвшний буюу компани, корпорацын менежерүүд мэдлэгийн эдийн засгийн онолыг эзэмшсэн байх нь чухал. Мэдлэгийн эдийн засаг буюу үндэсний инновацыг хэрэгжүүлэх гол хүч нь эд нар гэж үздэг.
Хүн бүхэн мэдлэг эзэмшигч байж чадахгүй нь ойлгомжтой. Гагцхүү хүн бүхэнд мэдлэг эзэмшигч байх адил, тэгш нөхцөл, эрх, эрх чөлөөг хангаж өгөх нь л чухал. Ингэвэл хүмүүс мэдлэгийн нийгмийн хошуучлагчдыг ойлгож, даган баясч, дэмжин ажиллах бололцоо бий болно.

О.Баярхүү

Мэдлэгийн бүтээх нийтлэг үе шатууд

Мэдлэгт түшиглэсэн эдийн засгийн асуудал нь сүүлийн үед дэлхийн хэмжээнд яригдаж, монголчууд бидний ч анхаарлыг багагүй татаж, эдийн засгийн хөгжлийн нэг чухал сурвалж нь мэдлэгийн хуримтлал гэж үзэх болоод байгаа билээ. Гэвч мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг бий болгох арга зам нь маргаантай төдийгүй гүйцэд судлагдаагүй хэвээр, мэдлэгийг сүүлийн үеийн техник, технологи, шинжлэх ухааны нээлт, электрон бизнес, интернет, мэдээлэл солилцоотой холбож ойлгох явдал түгээмэл байсаар байна. Энэ нь мэдлэгийн менежментийг зөвхөн программ хангамж, сүүлийн үеийн технологитой холбон ойлгож, ач холбогдлыг нь дутуу үнэлэн давуу талыг нь ашиглаж чадахгүй байх сөрөг үр дагавар байсаар байна.
мэдлэгийн хуримтлал нь нийгмийн сэтгэлгээий хэв шинж, эрч хүч, бүтээлч чанараас ихээхэн хамаарч, цаашдын хөгжлийг тодорхойлохоос гадна тухайн үеийн оюуны хөгжлийн түвшнээс шууд хамаардаг. Мэдлэг нь байгууллагын түвшинд ч мөн л байгууллагын туулж өнгөрүүлсэн түүхийн ой санамж, байгууллагын технологи, үнэлэмжийн систем, хүний нөөцийн бүтээх чадвар, байгууллагын төлөвшлөөс хамаардаг.

Мэдлэг бүтээх нийтлэг үе шатууд нь бүтээлч сэтгэлгээ, мэдлэгийг үнэлэж ,анхаарах, зориудын зорилоготой эрэл хайгуул,оролдлого үйл ажилагаа, илүү тусгай нарийн мэдлэг,өрсөлдөх чадвартай мэдлэгт тулгуурлйсан байдаг.
Байгууллагын түвшин дэх мэдлэг бүтээх үйл явц нь дээрх үндсэн үе шатуудтай бөгөөд, гэвч байгууллагын түвшин дэх инноваци, мэдлэгийн менежмент аяндаа бий болохгүйг дэлхийн олон улс орнуудын туршлага бэлхнээ нотолж байгаа билээ. Ялангуяа монгол орны нөхцөлд юуны өмнө удирдлагын ур чадварыг сайжруулах, мэдлэгийн менежмент, инновацид чиглэсэн сургалтын хэрэгцээ их байгаагаас гадна үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, тууштай дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн гэлтгүй төрийн байгууллагуудын ч үйл ажилллагааны өртгийг багасгах, аргааргачлал, сэтгэлгээг шинэчлэх асуудал өнөөгийн байдлаар тулгамдсан асуудал болоод байгаагаас гадна байнгын тасралтгүй инновацийг зориудаар дэмжихгүйгээр шийдвэрлэх боломж багатай юм. Үүний тулд мэдлэгийн менежментийн үндэсний хөтөлбөртэй байх буюу өөрөөр хэлбэл мэдлэгийн менежментийн нэгдмэл бодлоготой байх нь Монгол орны хувьд зайлшгүй, тулгамдсан хэрэгцээ болж байна.

У.Өсөхбаатар

Суралцагч байгууллагын тухай

“Суралцахгүй бол мэргэн ухаантан ч тэнэг болно, сурч чадвал тэнэг ч ухаантан болно... суралцахад хязгаар үгүй”
Күнз
Манай орны байгууллагуудын хувьд байгууллагыг хөгжилд хүргэхүйц гол түлхүүр болсон сургалт, суралцах үйл явцыг сайжруулахын тулд үр нөлөө бүхий удирдлагын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, цаашилбал байгууллагаа “суралцагч байгууллага” болгон төлөвшүүлэх хэрэгцээ их байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ.
Суралцана гэдэг нь туршлага, үйл ажиллагаа, сургалтын шууд болон шууд бус үр нөлөөгөөр зан үйл, хандлагад гарч буй аливаа өөрчлөлт юм.
Суралцах үйл нь төлөвлөгөө, бүтэц бүхий албан ба албан бус аль аль хэлбэрээр өрнөх үйл явц юм. Суралцана гэдэг нь хөгжих тэр тусмаа эерэг хэлбэрээр хөгжих тухай ойлголт юм.
Суралцах үйл явц гэдэг нь өөр өөр үе шат бүхий үйл ажиллагаа бөгөөд хувь хүн, байгууллага нэг шатнаас нөгөө шатанд хүрч өөрчлөгдөх үйл ажиллагаа юм. Энэхүү үйл явцыг мэдлэг чадвараа хөгжүүлэх шат маягаар дүрсэлж болох юм.
Суралцахад хэрэгцээтэй хэд хэдэн чухал зүйлс байдаг бөгөөд тэдгээрийн чухлаас нь дурьдвал:
• Суралцах гэж буй хүн хүсэл эрмэлзэлтэй, урам зоригтой байх ёстой
• Хүн бүрийн суралцах арга барилын онцлогийг харгалзан үзэх
• Мэдлэг, ур чадвар, хандлагыг үр ашигтай өөрчлөхийн тулд суралцагч хүнд цаг, дэмжлэг хэрэгтэй
• Суралцагч хүнд сурсан зүйлээ давтах боломж олгох
Түүнчлэн суралцах үйлийг үр дүнтэйгээр өрнүүлэхэд нээлттэй байдал болон мотиваци чухал үүрэг гүйцэтгэдэг.
Суралцах мотиваци нь гол төлөв би сурч чадна хэмээх өөрийн итгэл, мэдрэмж, нөгөө талаас үүнд суралцах нь ажилд минь тустай гэсэн утга бүхий суралцах боломжийн хамаарлаас шалтгаална.
Байгууллага бол өөр өөр үзэл хандлага бүхий хүмүүсийн нэгдэл бөгөөд эдгээр бүлэг дотор суралцахаас татгалздаг хүмүүс байх нь цөөнгүй. Ийм бэрхшээл тулгарсан үед гарах зөв гарц бол тэдний хандлагыг өөрчлөх явдал юм. Үүний тулд:
 Мэдээлэл солилцох
 Урам хайрлах
 Суралцах дургүй хүнийг суралцах дур сонирхол ихтэй хүмүүст даатган өгөх
 Тэвчээртэй байх

У.Өсөхбаатар

Инновацийн эх үүсвэрийн ангилал

Дэлхий дахинд даяаршил өндөр хурдацтайгаар тархаж байгаа энэ цаг үед нийгэм,эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Дэлхийн улс орнууд хөгжлийн хандлагаа хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялагаар бус мэдлэг оюунд түшиглэсэн нөөц дээр тулгуурласан хөгжлийг зорилтоо болгож үүнд инноваци голлох үүрэг гүйцэтгэх болсон байна. Шинжлэх ухаан , мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чигэлсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж байгаа нь эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжилд цоо шинэ хандлагыг бий болгож, инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж байна. Монгол улс дэлхийн хөгжлийн чиг хандлагыг даяаршилын шуургаар цаг алдалгүй хүлээж авснаар хөгжлиинхөө стратегид инновацийн чиг баримжааг тусган тодорхойлсон байдаг.Инноваци нь доод, дунд,дээд гэсэн гурван түвшинд судалгаа зохион бүтээлтийн үйл ажиллаганы уламжлалт ангилалд хуваагдан, эх үүсвэрийн хувьд санамсаргүй тохиосон , бэрэхшээл, зөрчил , байнгын сайжруулалтаас үүссэн санааны хэсэгчилэл, зориудын гэсэн гурван ангилалд багтана.
Санамсаргүй тохиосон инновацийн амжилт нь бусад тохиолдлуудаасаа илүү амжилттай болдог нь олон жишээ нь дээр батлагдаж байсан.Шуудангын салбарт ажилдаг залуу нэгэн эмэгтэйг шуудангын маркыг зүүгээр цоолон урж аваад дугтуйн дээр наахыг хараад шуудангын маркийг нүхтэй хийх болжээ. Энэ нь одоог болтол хэрэглэгдсээр байна. Тэгвэл уналтыг дагаж амжилт ч бас ирдэг гэдэг бол бэрхшээл уналтаас гарахын тулд шинэ содон, бусдаас илүү давуу зүйлийг эрэлхийлсний үндсэн дээр инноваци бий болдог юм . Даяаршилын 3 дахь үед болох техник технологи, мэдээллийн өндөр хурдацтай энэ цаг үед инновацийг төлөвлөж , тооцон бүтээж байгаа нь бид бүхэнд олон төрлийн техник технологийн дэвшилтээр бүтсэн цахилгаан хэрэгсэл,авто машин гэх мэт зүйлсээр өдөр бүр таарч байдаг нь инновацийг заасан хугцаанд зориудийн төлөвлөгөөтэйгээр бий болгон өрсөлдөгчдөөсөө давуу байдлыг удирдлагын зарчимаар харуулж байдаг. Инновацийг боловсруулахын тулд мэргэгжсэн хүний нөөц, санхүү, материал технологи, оюуны болон бусад нөөцүүд, төлөвлөгдсөн шинэ сайжруулсан стратегийн бодлогоор бий болгон тодорхойлох боложтой юм. Цаг үеэ зөв олж гарсан инноваци нь хамгийн амижилттай үр дүнд хүрж, урт хугацаанд амжилттай хадгалах, насжилт нь урт байх магадлал өндөр байдаг.


Т.Дариймаа

21-р зуун-мэдлэгийн зуун

Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжилд мэдлэгийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болж байна. Тиймээс олон улс орон өөрийн онцлогт тохирсон төрийн инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсанаар ихээхэн амжилтад хүрч байна.
Манай хөрш 2 орон маань мэдлэгт суурилсан эдийн засгийн тогтолцоог бий болгох, инновацийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Жишээ нь: БНХАУ "Мэдлэгт суурилсан нийгэм" байгуулах үзэл санаан дор 2020 он хүртэл ирэх 10 жилд БНХАУ-ын шинжлэх ухаан-техникийн хөгжлийн зорилгыг инновацийн шинжтэй улс байгуулах явдал гэж тодорхойлжээ. Ингэснээр орчин үеийн технологид, ялангуяа, хими, компьютер, харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах боллоо. Хятад Улс 35 хүртэлх насны залуу эрдэмтдээр хүчээ сэлбэхээр залуучуудаа гадаадад суралцуулж байна. Энэ чиглэлээр 6000 залуу эрдэмтэн бэлтгэхээр төлөвлөжээ.Хятадад шинэ бүтээлд олгодог патент бүртгэлийн тоо үлэмж өссөн бөгөөд 2012 онд одоо дэлхийд тэргүүлж буй Японыг гүйцэж түрүүлнэ гэсэн тооцоог Thomson Reuters Scientific судалгааны байгууллагаас гаргасан байна. Орос улс үндэсний инновацийн тогтолцоог бий болгох зорилтыг тус орны хөгжлийн стратеги зорилт, түүний дотор шинжлэх ухаан-технологийн хүрээний стратеги болгон 1997 оноос төрийн бодлогын түвшинд тунхагласан. Инновацийн тогтолцооны бие даасан элементүүд болох улсын сан, технопарк, инноваци-технологийн төв, инновацийн төслийн санхүүжилтийн сан зэргийг бий болгожээ.
Харин манай улс 2008 онд Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2008-2015)-ийг Засгийн газраас баталсан. Уг хөтөлбөр нь инновацийн тогтолцоог бүрдүүлэх , дэвшилтэт техннологийг хөгжүүлэх, төрийн өмчийн их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих , заруу судлаачдыг бэлтгэх , дэмжих гэсэн 4 дэд хөтөлбөрөөс бүрдэж байгаа бөгөөд дэд хөтөлбөр бүрээр зорилго зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагаа хүрэх үр дүнг тодорхойлсон. Гэвч манай улсад үндэсний инновацийн оновчтой тогтолцоо, механизм хараахан бүрдээгүй,инновацийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн хангалтгүй,хувийн хэвшлийн инновацийн потенциал, идэвхжил сул, сонирхол бага,шинжлэх ухаан- боловсрол- бизнесийн үйл ажиллагааны уялдаа холбоо сул, хамтын ажиллагаа хангалтгүй, инновацийн санхүүжилтын эх үүсвэр, хөрөнгө дутмаг зэргээс уг хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна.


Т.Тэгшжаргал

Эссе

Өнөө үед мэдлэг оюуны үнэ цэнэ үлэмж нэмэгдэж эдийн засгийн нөөц үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэх болж, түүнд тулгуурласан инновацийн эдийн засаг бүрэлдэн тогтох үйл явц эрчимтэй өрнөж буй. Энэ нь улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага инновацитай салшгүй холбоотой байх нөхцлийг бий болгож байгаа юм. Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч бөгөөд үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж, улмаар эдийн засгийн дэвшилд хүргэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбоотойгоор аливаа улс орны хөгжлийн түвшин инновацийн идэвхжилээр тодорхойлогдоно хэмээн үзэх боллоо. Тиймээс ч олон улс орон өөрийн онцлогт тохирсон төрийн инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсанаар ихээхэн амжилтад хүрч байна. Монгол Улсын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэлийн төдий байгаа. Харин 2008 онд Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2008-2015)-ийг Засгийн газраас баталсаныг онцлох ёстой. Улс орныхоо хөгжлийн хоцрогдлыг богино хугацаанд арилгах үндсэн арга замын нэг нь инновацид түшиглэсэн хөгжлийн баримжааг сонгох асуудал бөгөөд энэхүү хөгжилд хүргэх гол түлхүүр нь Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх явдал юм. Эл тогтолцоог шуурхай боловсруулан хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт чухал ач холбогдолтой. Цаашид нийгэм, эдийн засгийн бүх хүрээнд инновацийн хандлага улам бүр онцгой үүрэг гүйцэтгэж, мэдлэгт суурилсан эдийн засаг гол капитал байх төлөвтэй. Үндэсний аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, боловсролын болон төрийн үйл ажиллагаанд инновацийн соёл, үйл ажиллагааг нэвтрүүлэн хөгжүүлэхийг бүхий л хэлбэрээр дэмжих замаар тэдгээрийн хооронд үр ашигтай, нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмыг манай төр засгаас баримтлаж байгаа. Монгол Улсын Үндэсний инновацийн тогтолцоо нь нийгмийн хэсэг, нэгжүүдийн эдийн засгийн үр өгөөжтэй мэдлэгийг бүтээх, түгээх, баяжуулах, ашиглах үйл ажиллагааг дэмжих систем юм. Эцэст нь онцлоход инновацийн тухай нэгдмэл ойлголт байхгүй ч ерөнхийд нь түүнийг “Нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд аливаа шинэ, үр ашигтай зүйлийг нэвтрүүлэн ашиглахад чиглэсэн бүтээлч үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн үр дүн” хэмээн тодорхойлж болно.

Ш.Баяраа

Thursday, December 16, 2010

Монголын хөгжлийн гарц, хариу бичих нь

О.Дамжингийн Монголын хөгжлийн гарц гэсэн эссэг уншаад дэмжиж байна. Нобелийн шагналт, алдарт эдийн засагч П. Самуэльсон улс орнууд, ялангуяа ядуу буурай орнуудын хөгжлийн учир шалтгааныг судалж, эдгээр орнуудад бүтээмжийн түвшин доогуур байдаг тул хүн амын орлого бага, үүнээс улбаалан хуримтлал бий болох потенциал боломж гардаггүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэтэл хуримтлал нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болж, шинээр үйлдвэр барьж байгуулан, ажлын байр бий болгох, техник-технологийн шинэчлэл хийхэд зарцуулагдаж, энэ нь эргээд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, капиталын хуримтлал бий болгодог. Нийгэм-эдийн засгийн хүрээнд хангалттай хуримтлал бий болохгүй байснаар капиталын хуримтлал удаан явагдах ба ингэснээр бүх төрлийн нөөцийн ашиглалт хангалтгүй, бүтээмжийн түвшин доогуур байхад хүргэдэг. Энэ нь мөн л хүн амын орлогын түвшин доогуур байх нөхцөл болдог байна. Ийм маягаар улс орон: “ Бага бүтээмж- бага орлого- бага хуримтлал- бага капиталын хуримтлал-бага бүтээмж” гэсэн Бага орлого Бага капиталын тойрог эргэлдэх ба үүнийг Самуэльсон ядуурал, хоцрогдлын “чөтгөрийн тойрог” гэж нэрлэсэн байдаг. Манай улсын хувьд ашигт малтмалын ордуудаа эргэлтэд оруулан эхнээсээ орлого орж эхэлсэн боловч уг орлогоо шаардлагатай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт болгон ашиглахын оронд бэлэн мөнгө болгон тарааж байгаа нь буруу болов уу гэж бодож байна.


Тэгшжаргал

ХАРИУ БИЧИХ НЬ. СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА БОЛОХОД ТОХИОЛДДОГ БЭРХШЭЭЛ БОЛОН ТҮҮНИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМ

Суралцагч байгууллага гэдэг нь ямар нэг байгууллагын загвар бус харин суралцах, хөгжих хандлага, стратеги юм. Энэхүү тодорхойлолт надад багахан учир дутагдалтай санагдлаа. Би хувьдаа сайн суралцагч байгууллага нь өөрөө бусад байгууллагын хувьд даган дууриах, хуулбарлахад илүү дөхөм ЗАГВАР байж чадна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл зах зээл дээр удаан оршин тогтносон, илүү урт настай сайн суралцагч байгууллага нь өөрийн эрхгүй бусдын нүдэнд загвар болж харагдана гэдэгт итгэлтэй байна.

О.Дамжин –ны тодорхойлсноор удирдагч менежерүүд өөрсдөө суралцагч байж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцах, бусдыг уриалдаг байх хэрэгтэй гэдэгтэй санал бүрэн нийлж байна. Миний ойлгож буйгаар суралцагч байгууллага байна гэдэг хамт олноороо нэгэн гэр бүл болж, нэгэн санаа зорилготой, нэгэн зүгт хөвөх далбаат хөлөг мэт байх хэрэгтэй. Тэд нэгнийгээ орхиод явдаггүй, бие биенээ тусалж дэмжин, нэгэндээ зааж сурган, мэдээллээ хуваалцдаг байх нь чухал. Энэ бүгдийн цаана “хамт олны найрсаг дулаан уур амьсгал” хэмээх ойлголт илүү түлхүү харагдаж байна хэмээн бодож байна. Илүү дотно, илүү найрсаг, илүү “гэр бүлсэг” байгаа байгууллага нь өөрөө суралцагч байгууллагын нэгэн тод илрэл хэмээн үзэж байна


Х.ТОГТОХБАЯР

АМЖИЛТТАЙ ИННОВАЦИЙН ҮНДЭС УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙГ УДИРДАХ

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хирээр “орчиндоо зохицох чадвар” хэмээх ойлголт ирээдүйн зүг чигийг тодорхойлох болоод байна. Хэрвээ ийм чадвар үгүй бол хувь хүн, албан байгууллага, улс орон ч мөхөх аюултай болжээ.

Бизнесийн байгууллага зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд урт удаан хугацаанд явуулж ирсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа бодлогыг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй. Энэ нь илүү цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, шинэлэг бодлого төлөвлөлт гаргана гэсэн үг юм.
Менежментийн багийн гишүүд, удирдлагын хувьд аливаа өөрчлөлтөнд үргэлж бэлэн байдаггүй. Ялангуяа урт удаан хугацаанд үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн “хашир бурхи” -нуудад зах зээлийн энэхүү өөрчлөлтийг мэдрүүлнэ гэдэг санаачлагчаас маш их ур чадвар, мөн үүрэг хариуцлагыг шаардана. Миний бодлоор, инновацийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлж, зорьсон үр дүнгээ бий болгохын тулд удирдлагын сэтгэл зүйг маш зөв чиглүүлж, тодорхой зарчмуудыг мөрдөх хэрэгтэй. Үүнд:
1. Хэлсэндээ хүрдэг байх. Том алхам хийхээс өмнө ямар нэг үүрэг даалгавар, санал санаачлагыг гарган хэрэгжүүлж чадсан, менежментийн багийн итгэлийг олсон, тэдний найдвартай түнш байх. Удирдлагын итгэл гэдэг бол юугаар ч солишгүй үнэт зүйл.
2. Долоо хэмжиж нэг огтол. Өөрчлөлтийн үед тулгарах саад бэрхшээл, ололт амжилт бүрийг таамаглан, тухайн агшин бүрт гаргах шийдлүүдийг боловсруулж, энэ бүхнээ менежментийн багт танилцуулсан байх.
3. Багийн ажиллагаа. Менежментийн багийн гишүүдийг инновацийн үйл ажиллагааны багт заавал багтаасан байх.
4. Энэхүү инновацийг өрсөлдөгч байгууллага хийснээрээ ямар давуу талыг бий болгох болон тэдний үүсэж болох давуу талууд нь бидний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болох талаар маш тодорхой таамаглал гаргах. Энэхүү бүлгийг өрсөлдөгчийн өнөөдрийн түвшний үйл ажиллагааны судалгаа хэмээн ойлгож болох юм.
Энэ бүгдээс дүгнэж үзэхэд удирдлагын сэтгэл зүй инновацид бүрэн итгэлтэй, түүнийг дэмжиж байх нь үр дүнд шууд нөлөөтэй юм. Тиймээс инновцийн үед хийх хамгийн том суурь алхам бол менежментийн багийг итгэлтэй байлгах явдал юм. Үүний зэрэгцээ тэдний итгэлийг бусдаас илүү дааж чадах хүнээр инновацийг удирдуулах нь амжилттай инновацийн үндсэн хүчин зүйл болж байна.

Х.ТОГТОХБАЯР

Wednesday, December 8, 2010

Байгууллагад мэдлэг хэрхэн бий болдог вэ?


“ . . . Багийн гишүүд мэдлэгийг нэг нэгэндээ дамжуулах замаар бусдад шинэ мэдлэг бий болсноор марктенгийн шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагын бүтэц зохион байгуулалт, алсын хараанд шинэ дэвшилт гардаг. Үүнээс гадна байгууллагаас өөрийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар шинэ мэдлэгийг хэрэглэгчидэд хүргэх нь байгууллагад шинэ амжилтыг авчирдаг. . . ”


Жорж Вон Кро


Байгууллага бол амьд организмын шинжийг өөртөө агуулсан байдаг. Тухайн байгууллагын үйл ажиллагааны хэлбэр, ажиллаж буй зах зээлийн хэмжээнээс үл хамааран нийтлэг соёл, үнэлэмж бүрэлдэх тогтож, тэрхүү үнэлэмж нь тухайн байгууллагын хөгжлийн гол тулгуур нь байх боломжтой.
Байгууллагад шинэчлэгдэгч мэдлэгийг бүтээх хамгийн оновчтой хэлбэр бол байгууллагын бүхий л түвшиний ажилтнуудыг шинэ санаачлага гаргах, мэдлэг бүтээхэд идэвхжүүлэх юм.

Б.Энхжаргал

Хариу бичих нь. Суралцагч байгууллага болоход тохиолддог бэрхшээл болон түүнийг даван туулах арга зам

О.Дамжины бичсэн суралцагч байгууллага болох үйл явц аажимдаа бий болдоггүй. Гадны нөлөөлөл, манлайлал чухал гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ минийхээр байгууллагын үнэлэмж, соёлыг бий болгох нь илүү чухалд тооцож байна. Миний бодлоор суралцагч байгууллага болох процесс нь байгууллагын соёл, суралцах үнэлэмжийг бий болгох тухай асуудал.

“Үнэг маш их хурдтай бас заль мэхтэй амьтан. Гэвч болхи хөдөлгөөнтэй зарааг барьж идэж чаддаггүй. Зараа ганцхан мэхтэй...”
Жим Коллинз, “Сайнаас агууд дэвшихүй”



1.Суралцагч байгууллагыг төлөвшүүлэхэд тулгардаг бэрхшээл.
Байгууллагын соёлын нэг хэсэг суралцагч байгуулах болох процесс нь тухайн байгууллагын албан ёсны дүрэм журам, зааварт зааж, компанийн удирдлагын зүгээс албан ёсоор шаардаагүй байхад ажилтан бүр хэн нэгнээс хамаарахгүйгээр шийдвэр нь оновчтой, үр дүнтэй гаргахуйц тогтолцоо, хэмжээг бий болгохыг хэлдэг боловуу.
Тухайн байгууллагын ажилчид албан тушааллын зэрэглэлээс үл хамааран өөрийн өөрийн онцлог араншин, үзэл бодолтой хувь хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн асуудалд хандах хандлага, үнэлэмж бас харилцан адилгүй.
Компанид суралцагч байгууллагын хэв шинж, соёлыг төлөвшүүлэхийн тулд хамгийн ихээр тулгарах бэрхшээл бол тэр хүмүүсийн өөр өөр үнэлэмж, хандлагыг нэг болгоход тэр хүмүүсийг хэрхэн зөв чиглүүлэх, ямар арга хэрэгслийг ашиглах вэ гэдэг нь юм.
2, Суралцагч байгууллагыг төлөвшүүлэхийн тулд ямар аргыг ашиглах вэ?
Миний бодлоор эхлээд байгууллагад суралцах соёлыг бүрдүүлэхийн тулд албан ёсны хэм хэмжээ, журам дүрмийн маш тодорхой бий болгож үүнтэй уялдуулан хариуцлагын , гүйцэтгэлийн нягт үнэлгээг бий болгох шаардлагатай.
Эхлээд албадлагын журмаар хэрэгжиж байсан байгууллагын суралцах соёлын хэм хэмжээнүүд цаг хугацаа ирэх тутам өөриймшиж, байгууллагын соёл болон тогтох юм. “ЭМ СИ ЭС” компанийн хувьд “ЭМ СИ ЭС” -лэг үзэл, “ТЭСО” , компанийн хувьд “ТЭСО”-лог үзэл гэх мэт компани бүрийн байгууллагын соёлууд бий болно.

Б.Энхжаргал

Thursday, December 2, 2010

Суралцагч байгууллага болоход тохиолддог бэрхшээл болон түүнийг даван туулах арга зам

“Суралцагч байгууллага гэдэг нь бүх түвшин дэх хүмүүс бие даан, эсвэл хамт олноороо хичээнгүйлэн зүтгэж, үнэхээр санаа тавин хүлээж буй үр дүнг бий болгох чадавхиа байнга дээшлүүлдэг газар юм.”
Ричард Караш


Суралцагч байгууллага гэдэг нь ямар нэгэн байгууллагын загвар бус харин суралцах, хөгжих хандлага, стратеги юм.
Аливаа байгууллагын суралцагч байгууллага болоход тулгардаг хамгийн том бэрхшээлүүд нь:
1. Хуучинсаг, босоо удирдлагатай бүтэц ба тэд суралцах үйлийг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлдэг. Гэвч энэ бол хамгийн чухал нь гэж үздэггүй зөвхөн өнөөдрийн гүйцэтгэлийг л чухалчилдаг.
2. Ийм удирдлага нь эрсдэл тооцох ур чадвар дутуугаас эрсдэлтэй алхам хийхээс хаширлаж, аливаа өөрчлөлтөд итгэлгүй ханддаг.
3. Мөн байгууллагад үлгэр дуурайлал болж, суралцах хөгжихөд бусдыг уриалах манлайлагч байхгүй байх зэрэг болно.
4. Суралцах үйлд саад учруулдаг бас нэг зүйл нь байгууллагын соёлын нэг “бүлгийн сэтгэхүйн эмгэг” юм. (Ирвин Женис 1970)
Иймд тухайн байгууллага нь эдгээр бэрхшээлийг даван туулж суралцагч байгууллага болоход миний бодлоор дараах нөхцөл байдал шаардагдана. Үүнд:
1. Дээд удирдлага нь үйл ажиллагаандаа “юунд ч гар хүрэхгүй” байх аргыг мөрдлөг болгож, анхаарлаа зөвхөн байгууллагынхаа урт хугацааны ирээдүй болон хөгжлийн асуудалд хандуулж, гүйцэтгэлээс илүү суралцах үйл явцад ач холбогдол өгч сурах.
2. Удирдлага болон менежирүүд нь өөрөө суралцагч байж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцах, бусдад харуулах, бусдыг уриалах.
3. Бүх ажилтнууд болон оролцогч талуудын оролцоотойгоор байгууллагын алсын хараа,эрхэм зорилго,зорилтыг дэвшүүлж, тэдгээрийн талаар байнга санал солилцож, ярилцаж улам боловсронгуй болгох.
4. Бие биенээсээ харилцан суралцах явдлыг хөхүүлэн дэмжих, байгууллага дотор нэгж салбар хооронд болон удирдлага ажилтнуудын хооронд хамтарсан уулзалт зохион байгуулж бодлого боловсруулахад бүгдийг татан оролцуулна. Ингэснээр бүх талууд дээд удирдлага ажилтнууд бодлого боловсруулах ажлын нэгэн хэсэг болж эрхэм зорилго нэгтэй болох зэрэг болно.
Гэхдээ дүгнэж бодоход суралцагч байгууллага болох үйл явц нь урсгалаараа бий болдоггүй бөгөөд ихэнхдээ гадаад орчин дахь ямар нэгэн томоохон өөрчлөлт, шинэ манлайлагч, эсвэл ямар нэгэн том суралцагч байгууллагын ач тусыг олж харж чадсан суралцагч байгууллагыг байгуулах хүсэлтэй хүмүүс буюу бүлэг эхлүүлдэг байна.

О.ДАМЖИН